Анхны цас

Khongorzul
2 min readNov 4, 2023

--

Өнөөдрийн цас анхных нь биш л дээ, тэхдээ албан ёсоор миний анхны цас. Өдөржин гэртээ бүгж бүгж орой өлсөөд гарсан чинь гадаа чинь бүр гадаад орон шиг байна гээч.

Ямар гутал өмсөж гарахаа мэдсэнгүй, юу ч гэсэн арай л углааштай гарсангүй. Би уг нь ойрхон бейкери орж торт аваад, тойроод дэлгүүр орчхоод ирэх төлөвлөгөөтэй гарсан боловч халтиргаа хэтэрхий их байсан учраас бялуутай л орж ирлээ. +Гэрээсээ бэлэн гоймон олж чанаж идсэн. Гэснээс манай Греми ах Gold play button задалсан бичлэгээ оруулжээ. Гал гал, гайхалтай.

Яг гэрлийн шонгийн ойролцоо зогсоод дээшээ харахад цас том томоор малгайлан орж байна. Сүүдэр дагаж яваад эхэндээ анзаараагүй юм. Хэчнээн сайхан байна гээч. Би өвөл төрсөн болохоор өвөлд хэчнээн хайртай гээч. Эндээс ч өчнөөн ярианы учиг ургах шинжтэй.

Хацар даган бууж сэрүүцүүлэх, нүдэнд орж хайлмагцаа нойтон болох энэ цасан ширхгүүд амьд байгаагаа мэдрээч гэх шиг зөөлөн зөөлөн хаялж, нэг л аргадангуй дотор дулаацуулна. Байрны урд хүүхдүүд тоглож байх юм. Дүү нараа хальт дурсангаа хэчнээн өвөл хамт байгаагүйгээ, бас хэчнээн хүүхэд насных нь өвлийг алгасахаа төсөөлж хөнгөхөн гэмшээд амжлаа. Халтирч унахгүй аюулгүй сонголтоо бодож машин зам дээр алхана.

Замын гэрэл доор цас будрах нь дахиад л хэчнээн үзэсгэлэнтэй харагдана гээч. Хүнтэй байсан бол янзын арманчик гэж бодох зуураа зураг дараадахлаа. Энэ үзэсгэлэн гоог хэнрүүгээ явуулж гайхуулья гэж хэсэг бодоод хүн олсонгүй ээ. Гэхдээ л чамд би байна шүү дээ гэж өөрөө өөртөө шивнэнгээ нүдээ аньж, зүгээр л анирлаж хэсэг зогслоо. Холхон машины дуу, түгжрээ, хүүхдүүдийн инээлдэх, юу ч юм нэг мотор хүнгэнэх, хүмүүс алхах, салхи исгэрэх, орцны хаалга нээгдэж, хаагдах, бөглүү цуурай тэрхэн зуураа сонсогдоод өнгөрөх.

Цэвэр агаарт уушгаа дүүргэн хэсэг зогсож, дороо жиндэж эхлээд гэртээ орлоо. Одоо чинь хичээлээ хийнэ, маргааш хувцсаа угаана, тийм ээ нэгдэхээс шүдээ үзүүлэх юм байна. Юм бүхэн хэчнээн амар жимэр бас чимээгүй вэ. Энэ амар амгалан яасан уйтгартай вэ.

Хаа хүрэх гэж алхаж буйгаа ч үл мэднэ. Замын хажуугаар ургасан цэцэгс харц булаана. Хэсэг сатаарч зогсоод үргэлжлүүлэн алхана. Чамд хөтлүүлээд алхахад утгагүй санагдаж асан энэ зам одоо тайван дүнхийж, чиний дуртай гар ч хөрж орхиод хамтдаа бичсэн дуугаа хааяа нэг аялаж, салхи исгэрэхэд чиний үнэр замхарч, би тайвширна.

Греми ахыг үзэнгээ хоолоо идлээ. Энд хүрэх гэж олон жил зарцуулсан ч ингээд л хүрээд ирчхэд ямар санагдсан бол. “Ээжид орой гайхуулах сонинтой” гэж хэлээд бичлэгээ өндөрлөж байна лээ, багадаа холын мөрөөдөл байсан нь лавтай, одоо бол ингэсгээд л өнгөрч байх нь. Би яаж амьдрах бол. Мөрөөдөл ч үгүй би хаа хүрэх бол. Цаг үргэлж л утга учиргүйд сэлж байдаг хүн юу бүтээх бол. Өөрийгөө бусдаас илүү гэж үзэж түлхсээр, надад таалагдах хүн гарч ирэх болов уу. Миний стандартд хүрэх ядаж ганц ч гэсэн хүнтэй учирч хоёулаа алхах болов уу.

Дараа жилийн анхны цаснаар одоогийнхоосоо аз жаргалтай байгаарай. Бас хоол хийж идээрэй. Бас зураг дарчхаад явуулах хүнтэй байгаарай. Бүр эсвэл цугтаа зургаа даруулаарай, энэ сайхан үзэгдэлд.

2023/11/04 19:59 Улаанбаатар хот.

--

--

Khongorzul
Khongorzul

No responses yet